Хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийн тухай ярилцъя. Энэ тухай хэзээнээс бодож эхлэх вэ? Янз бүрийн дугуйланд явах нь мэргэжлээ сонгоход тус болох уу? Их сургууль сонгохдоо юуг нь шалгуур болгох вэ? Мэргэжлээ сонгохдоо юунд тулгуурлах вэ?
Хүүхдийг төрсөн цагаас нь л аав ээж, ах дүүс нь улаан нялзрай амьтнаа шинжиж, ямар хүн болох талаар ярьж эхэлдэг. “Пөөх, ямар чанга хоолойтой юм бэ? Дуучин болох юм байна л даа... Хараач, машинаар л тоглож байна – автын талын хүн болох нь... Бүжиглэх их дуртай, дандаа л эргэлдэн бүжиглэж байх юм, балетчин болох байх аа....” гэх мэтээр хошигнодог. Хүүхдийнхээ явъяас, хандлагыг нь тодруулж, байгалаас заяасан чадварыг нь хөгжүүлж өгөх нь эцэг эх бидний үүрэг билээ. Тэгэхээр энэ үүргээ сайн биелүүлэхийн тулд хүүхдийг аль болох бага байхаас нь эхлэх хэрэгтэй. Хөгжлийн сургууль, дугуйлан, секц зэрэгт хүүхдээ явуулах нь – хүүхдийн авъас хандлагыг тодруулах эхний алхам.
Хүүхэд бүрт төрөлхийн ямар нэгэн авъас байдаг гэсэн аксиомыг үндэс болговол, эцэг эхчүүдийн гол зорилго нь – энэ авъяасыг нь аль болох эрт илрүүлэх асуудал юм.
Хүүхэд тань дугуйлан дээрээ ямар байдалтай байгааг нь очиж харвал нэлээд юм ойлгогдоод ирдэг. Хүүхэддээ дугуйлан сонгохдоо эцэг эхчүүд хоёр замаар явдаг: хүчтэй талыг нь улам хөгжүүлэх, эсвэл сул талыг нь хөгжүүлье гэсэн зорилго тээдэг.
Жишээ нь: хүүхэд хэтэрхий их хөдөлгөөнтэй тул эцэг эх нь түүнийг тэсвэртэй сууж сургах хэрэгтэй гэж үзэн шатрын, эсвэл зургийн дугуйланд өгдөг.Дугуйлангийн багш сайн багш бол ийм хүүхдийг анхааралдаа авч, шатранд /зураг зурах/ дуртай болгож чаддаг. Үр дүн: хүүхэд том хүмүүсийн тусламжтайгаар өөрт нь дутагдаж байсан шинж чанаруудыг хөгжүүлж авна, бэрхшээлийг даван туулах тэсвэр хатуужилтай болно.
Бас нэг жишээ: томоотой, илүү хөдөлгөөн хийх дургүй хүүхэд нь шатар дааманд өндөр амжилт үзүүлдэг ч үлбэгэр сул бие булчинтай. Эцэг эх нь хүүхдээ спортоор дээгүүр амжилт олж чадахгүй юм байна, спортын секцид явуулбал бусад хүүхдүүдэд ялагдаад сэтгэлээр унаад байх биз гэж хайрлаад спортоор хичээллүүлэхгүй, зөвхөн шатрын дугуйланд л явуулдаг. Үр дүн: барьж авсан ганц чиглэлээ нухсаар нэлээд амжилтанд хүрнэ, хүүхэд өөртөө сэтгэл хангалуун байх болно.
Энэ хоёр жишээний аль алинд нь томчуудын шийдвэр голлож байна. Эцэг эх нь хүүхдийнхээ аль шинж чанарыг хөгжүүлэх вэ гэдгийг бодож шийдсэн. Гэхдээ энэ нь үргэлж эцэг эх шийдэж хүүхдээ хүчээр тухайн дугуйланд явуул гэж байгаа хэрэг биш. Хамгийн гол нь хүүхэд дургүйцэхгүй байх ёстой, хүүхдийн хүсэл сонирхол нэгдүгээрт тавигдах ёстой. Хэрэв эцэг эхийн сонгосон дугуйлан хүүхдэд нь огт таалагдахгүй байгаа бол өөр дугуйлан сонговол дээр.
Хэрэв хүүхдэд тань очиж үзсэн бүх дугуйлан секц нь таалагдаж байгаа бол алийг нь эцэслэн сонгох асуудлыг эцэг эх нь шийдэх нь зүйтэй. Энэ тохиолдолд хүүхдийнхээ сул талыг хөгжүүлэх дугуйланг сонгосон нь дээр байдаг. Төвөггүй чаддаг зүйлээ л хийж байснаас чаддаггүй зүйлдээ суралцаж өв тэгш чадвартай хүн болсон нь дээр. Энэ тактик ялангуяа сургуулийн өмнөх насны болон бага ангийн насны хүүхдүүдэд тохиромжтой: нууц байсан авъяас тодрох боломжтой байдаг.
Мэдээж, дугуйлан, секцүүд нь заавал хүүхдийн ирээдүйн мэргэжлийг тодорхойлохгүй. Дунд сургуульд сурч байхдаа хөгжмийн сургуульд давхар явж байсан хүүхэд цаашаа консерваторид сурах ёстой гэсэн үг биш бөгөөд, амьдрал дээр ихэнхи хүүхэд хөгжимтөй огт холбоогүй мэргэжлээр цааш сурдаг.
Хүүхэд 12 – 13 орчим настай болоод ирэхэд ирээдүйн мэргэжлийнх нь тухай буурьтай суурьтайгаар ярьж эхэлж болно. Өдий хүртэл хүүхэд маань юунд сонирхолтой, авъяастай нь харагдав? Тэр ямар ажлыг сайн хийж чадахаар байна? Зан төрх нь ямар хүн бэ? Бэрхшээлийг давах зан чанар юу билээ? Багаар ажиллах чадвартай юу? Хүүхэддээ анхааралтай ханддаг ээж аавууд энэ асуултуудад төвөггүй хариулж чаддаг. Сайн боловсруулагдсан тестүүд ч үүнд тус болдог. Хүүхэддээ ирээдүйн мэргэжлийнхээ талаар бодох түлхэц өгч өдөөж байх хэрэгтэй. Энэ нь хүүхэд өөрөө өөрийгөө ойлгоход нь ихээхэн тус болдог. Тухайн мэргэжлийн хүн чухам ямар ажил хийдэг тухай нэвтэрхий толь, интернетээс олж уншиж болно. Хэрэв мэргэжлээ сонгож чадахгүй байгаа бол мэргэжилтнүүдийн туслалцааг авах нь зөв. Миний практикт нэг ийм тохиолдол байсан: ээж нь дунд сургуулиа төгсөх гэж байгаа хүүгээ дагуулж ирээд, манай хүүхдэд онцгой сонирхдог зүйл байхгүй, ямар ч авъяас харагддаггүй, хичээлдээ ч сайн биш, дунд сурдаг гэв. Бид хүүг нь тестэлж үзэхэд, нээрээ л ямар нэгэн онцгой авъас олдоогүй ч, түүний компьютер болон орчин үеийн хөгжимд дуртай, хүмүүстэй идэвхитэй харьцдаг зэргийг нь программ тооцоолон гаргаад дууны найруулагч мэргэжлийг санал болголоо. Ээж хүү хоёрын аль нь ч ийм мэргэжил байдаг тухай бодож байгаагүй гэв. Гэтэл энэ мэргэжил сонирхолтой, ажлын байр олоход амархан гэх мэт олон давуу талтай мэргэжил бөгөөд хүүд ч таалагдаж байв. Тиймээс тэр хүүхэд сургууль төгсөх хүртэл үлдсэн хэдэн сард багш хөлслөн авч сурлагаа сайжруулаад бүх шалгалтыг амжилттай даван дууны найруулагчийн ангидаа элсэж чадсан бөгөөд амжилттай суралцсан билээ.
Мэргэжлийн төрлүүд
Бүх мэргэжлийг доорхи байдлаар ангилна:
Хүн – хүн
Хүн – байгаль
Хүн – техник
Хүн – тэмдэг
Хүн – уран сайхны дүр
Хөдөлмөрийн явцад хүн юутай харьцах байдлаар ангилсан байгаа. Мөн мэргэжлийг хөдөлмөрийн зорилгоор нь ангилдаг:
- Шинжилгээ, дүгнэлт: танин мэдэх, ялгах, дүгнэх, шалгах /эрүүл ахуйн эмч, шүүмжлэгч, шинжээч, бараа судлагч, шалгагч, мөрдөн байцаагч г.м./
- Өөрчлөн хувиргах: боловсруулах, зөөн байрлуулах, зохион байгуулах, өөрчлөн шинэчлэх /жолооч, зураач, багш, засварчин, оёдолчин г.м./
- Судалгаа: зохион бүтээх, бодож олох, шинэ хувилбар олох, шинжлэх ухаан /эрдэмтэн, зохион бүтээгч, эсгүүрчин г.м./
Орчин үеийн сэтгэл зүйч – мэргэжлийн зөвлөхүүд мэргэжлийн төрлүүдийг цааш нь дэлгэрүүлж хуваадаг. Жишээ нь, “хүн – хүн” төрлийг “нийгмийн харьцаа” /багш, эмч, үйлчилгээ г.м./ болон “бизнесийн харьцаа” /борлуулалтын менежер, хүний нөөцийн менежер, хэрэглэгчтэй харьцах менежер г.м./ гэсэн хоёр хэсэгт хуваадаг.
Мэргэжлээ сонгохдоо гаргадаг алдаанууд
- Сургуульд заадаг хичээлийг мэргэжилтэй адилтгаж үзэх. Жишээ нь, гадаад хэл гэж хичээлийг орчуулагчийн мэргэжилтэй адилтгадаг. Гэтэл гадаад хэлний авъас шаардлагатай олон мэргэжил байдаг. Хичээл бүрийн ард олон мэргэжил байгаа гэдгийг бодох хэрэгтэй.
- Хүүхдүүд өөртөө таалагддаг, өөрийн бишрэн шүтдэг хүнийхээ мэргэжлийг сонгох тал байдаг. Тухайн мэргэжлийн хүн хүнийхээ хувьд таалагдаж байгаагаас болж мэргэжлээ сонговол алдана.
- Мэргэжлийн учиг утгыг сайн мэдэлгүйгээр зөвхөн гадаад байдлаас нь өнгөцхөн дүгнэж сонгож болохгүй. Жишээ нь, жүжигчин байх амархан санагдах боловч цаана нь өдөр тутмын хүнд хөдөлмөр байдаг. Сэтгүүлч бүр ТВ – ээр гараад байдаггүй.
- Өөрийнхөө зан чанар болон авъас хандлагаа ойлгон таниагүй байж мэргэжлээ сонгох хэрэггүй. Мэргэжилтнүүдэд хандаж өөрийгөө тестлүүлэх хэрэгтэй. Гэхдээ, мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлтийг өөртөө яг таг наах шаардлагагүй: хүн гэдэг хувьсан өөрчлөгдөж байдаг учраас өнөөдөр нарийн шинжлэх ухаанд муу байсан хүүхэд хэсэг хугацааны дараа гэнэт “цоорох” явдал бишгүй байдаг.
-Нэгэнт сонгосон мэргэжил ч таны насан туршийн байх албагүй. Хүн өөрөө хувьсан өөрчлөгддөгөөс гадна мэргэжлийн дотор талд ч өөрчлөлт гардаг. Шинэ мэргэжлүүд ч бий болж байдаг. Та ямар ч мэргэжлийг сонгосон бай, цаг үетэйгээ зохицолдуулан мэргэжлээ байнга дээшлүүлж байх ёстой байдаг бөгөөд өөрийнхтэйгээ ойролцоо мэргэжлийг ч эзэмших болдог. Эсвэл, огт эсрэгээр, өсвөр үедээ бодлогогүйгээр сонгож сурсан мэргэжлээ орхиж өөр мэргэжил эзэмших. Гэхдээ анхны мэргэжил тань таны одоогийн эрхэлж байгаа ажилд гэнэт, маш их хэрэг болох тохиолдол ч нэг бус удаа гардаг билээ.